Tuesday, March 29, 2011

Арьс бол биеийн эрүүл мэндийн толь юм

   Бие цогцсын гоо сайхан, гоо үзэмж гар нүүрний арьснаас эхэлдэг. Эрүүл хүний нүүр царай, хүзүү цээж, гар хурууны арьс уян булбарай, хундан ягаан, атираа үрчлээгүй өнгө төгс байдаг.
    Арьсны өнгө үзэмжинд биеийн эрүүл мэнд, байгаль цаг уур, ажлын нөхцөл амьдралын ахуй бололцоо , сэтгэл санаа, нас сүүдэр, эрхэлсэн ажил мэргэжил ихээхэн нөлөө үзүүлдэг. Сэтгэлийн дарамт, зовиур, хүчир хөдөлмөр, хүнд хортой нөхцөлд ажиллахад эд эрхтний хэвийн ажиллагаа өөрчлөгдөж, эс эдийн дотор тэжээл дутагдаж, бодисын солилцоонд хямрал гарснаас хүний арьсанд атираа үрчлээ суух, булчин сулрах зэрэг цагаас эрт хөгшрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
    Элэг цөс, бөөр, өндгөвч үрэвсэх гэх мэтийн эмгэгийн уршгаар зүс царай харлах бөгөөд мэдрэлийн хэт ядаргаа, сэтгэл санааны хямралд орсноос үс унах , цайрах хоол боловсруулах эрхтний ажиллагаа муудаж, хүний жавхаалаг цовоо сэргэлэн бадал алдагддаг аюултай.
    Арьс гэмтэж бохирдсоноос төв мэдрэлийн тогтолцоо уураг тархины хэвийн ажиллагаа ууц нуруу, үе мөч, мэдэрлийн судлуудад үрэвсэлт өвчин үүсдэг төдийгүй арьс шалбарч идээлбэл дотоод эрхтэнүүдэд цусаар халдвар хордлого үүсэх аюултай.
   Арьсыг цэвэр байлгахын тулд арьс гэмтээх бодисгүй, зөөлөн ус болох цас борооны ус хамгийн тохиромжтой байдаг. Харин кальцийн давстай хатуу ус хэрэглэвэл арьс хуурайших тул усны хатууг арилгахад 1 аяга усанд цайны хагас халбага хүнсний сод хийх эсвэл уг усаа хэрэглэхийн өмнө сайн буцалгаарай.
   Тослог арьсанд халуун ус шаардах бөгөөд энэ нь судасны тэлэлтийг ихэсгэн, тослог бодисыг уусгаж хир буртгийг сайн арилгадаг боловч байнга хэрэглэвэл цус өтгөруулэн арьсны тослогийг арилган хэврэгшүүлж арьсны эсэргүүцлийг доройтуулах муу талтай.
    Тэгэхдээ унтахын өмнө угаавал зохих бөгөөд тослог арьсанд халуувтар, тослог биш арьсанд хүйтэвтэр гэх мэтчилэн арьсны онцлогоос харгалзан усыг зохицуулж хэрэглэх хэрэгтэй.
    Хүйтэн усаар биеэ байнга шүршиж цэвэр алчуураар арчиж байх нь арьсыг чийрэгжүүлэн цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн тайвшралтанд нөлөөлөх зэргээр тус хүргэнэ. Арьсыг ариун цэвэр балгахад саван чухал нөлөөтэй боловч савангийн хортой үйлчилгээг ч анхаарах хэрэгтэй.
    Саван ихэдвэл арьсны тослог мөн ч арилахад хүрнэ. Хуурай арьсанд саван бага хэрэглэж харин тослог ихтэй , эсийн эвэрлэг бүрхүүл нь нягт арьсанд илүүтэй хэрэглэвэл зохино. Гараа савантай бүлээн усаар угааж дараа нь хүйтэн ус хэрэглэх арга их дэлгэрсэн бөгөөд энэ нь арьсны ариун цэвэрт тустай.
    Хөлрөх нь хүний мэдэрлийн системийн ажиллагаанаас ихээхэн нөлөөлж, салхинд цохиулах улмаар бие норсноос махбодод нян дамжин орж өвчлөх нь олонтаа тохиолдож жижиг цэврүү хүний биеэр туурдаг. Иймээс маш их хөлөрдөг хүмүүс бага зэрэг давстай ус ууж аль болохоор тайван, уурлаж бухимдахгүй байх хэрэгтэй.
    Халуун усанд биеийн хир тоос сайн арилах боловч арьсны тэжээллэг бодис их алдагдах бөгөөд нүүрний болон арьсны нүх сүв, судас өргөсдөг тул , эд эрхтэн суларч хөгшрөх ажиллагааг түргэтгэх муу нөлөөтэй. Иймээс 1-2мин хүйтэн усаар шавшиж занших нь арьсны эд эсийг чийрэгжүүлнэ.
    Залуу насны чийрэг, уян хатан, унаган төрхийг он жилээр удаан хадгалах боломж олгодог. Хөлрөх үзэгдэл арьсны үйл ажиллагаатай нягт холбоотой. Булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас хүхэрт бодис их ялгарах үед эвгүй үнэр үүснэ.
   Хэт ядрах, халуун орчинд удаан ажиллах, өөх тостой, халуун ногоотой хоол унд хэрэглэх, хэт таргалах, зүрхний үйл ажиллагаа сулрах, сүрьеэгээр өвчлөх, хэт уурлаж уцаарлах зэргээр төв мэдэрлийн үйл ажиллагааг хүдрүүлснээс хөлрөмтгий болно.

No comments:

Post a Comment